Манай сайт нь иргэдээс ирүүлсэн захидлыг цувралаар хүргэж байгаа билээ. Бидэнд энэ удаад ээждээ хаягласан захидал ирснийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Сайн байна уу? ээжээ. “Олон Улсын Эмэгтэйчүүдийн Эрхийг Хамгаалах Өдөр”, төрсөн өдрийн баяр, таны минь ээж болсон баярт өдрийн мэндийг бүүвэйн дууны хамтаар хүргэн мэндчилье.
Одоогоос гучин нэгэн жилийн өмнөх хаврын тэр нэг өдөр та минь Өөдөсхөн жаахан охиноо төрүүлж, ангир уургаа амлуулан, элгэндээ нааж, энгэртээ тэвэрч байсан мөч саяхан мэт санагдах биз ээ. Ээжийнхээ уянгалаг сайхан бүүвэйн дуунд бүүвэйлэгдэн унтдаг байсан бяцхан охин нь хэдийн эх хүн болж бүүвэйн дууны аяараа бяцхан ханхүүгээ бүүвэйлэн ижий тандаа захидал бичин сууна. Ижийтэйгээ хамтдаа өнгөрүүлсэн мөч бүр минь үнэтэй байж, хорвоо дэлхий дээрх хамгийн хүндтэй эрхэм хүн та минь гэдгийг мэдсээр байж яагаад урьд өмнө нь тандаа сэтгэлийн үгээ бичсэн захидал илгээж байгаагүй юм бол? Ижийдээ хайртай хайртай гэж бодож явдгаас өөрөөр нарт ертөнцийн нандин шүтээн таныгаа баярлуулж, өдөр бүр мэндийг тань мэдэн холбогдож чадахгүй байгаа охин үрээ уучлаарай.
Хэзээ нэг өдөр эхийнхээ ачийг хариулна гээд л ярьдаг. Хэзээ ч юм бүү мэд! ээжээ ачийг тань заавал хариулна даа гэдэг. Үнэт эдлэл, хувцас хунар, үнэтэй бүхнийг худалдан авснаараа ачийг тань хариулна гэж боддоггүй ээ охин нь. Бүх амьдралын хором бүрт наддаа санаа зовж, үр минь өлсөхгүй, даарахгүй, ядрахгүй, өвдөхгүй байгаасай гэж үргэлж залбиран байдаг таныхаа ачийг хариулна гэвэл тэнгэрээс од шүүрэхтэй адил бизээ. Охин нь эрүүл саруул, эрхэлсэн ажилтай, гэр бүл сайн сайхан явж байвал таныхаа ачийг чимхийн төдийд ч болов хариулж байна гэж ойлгоно.
Энэ хорвоогийн энгүй ачтан
Ээжийнхээ ачийг яана даа би
Ээжээ та санаж байна уу? Арван жилийн сурагч байхдаа тантайгаа хамт лааны үзэгдэх төдий гэрэлд мөсөн чихэр хийнэ, дүүгээ харна, хичээлдээ явна, гэрийн ажлаа амжуулна гээд айлын том хүүхэд л болсон хойно чамлахааргүй ажилтай байдаг байлаа. Магтаалын үг ихээр сонсдог ч хааяа тандаа загнуулж гэрээ тойрон уйлдаг байснаа мартдаггүй юм. 4-дүгээр ангийн сурагч байхдаа сургуулийнхаа он болох ховорхон завшаан надад тохиож арван жилийн алтан тайзан дээр гарах хүндтэй үүрэг оногдсон юм. Тэр үед дэлгүүр хоршоо, бараа таваар элбэг биш байсан болохоор охиноо гоёх нь аав ээж та 2-т минь хэцүүхэн асуудал болж хэдэн өдөр, хэдэн шөнө даашинз урлан, хормойг нь төмөр утсаар хормой дэрвийлгэж байж билээ. Би ч гоёмсог, дэрвийсэн даашинзаараа гангарч он болоод зогсохгүй шилдэг сурагчаар шалгарч сургуулийн захирлаас өргөмжлөл гардан авав. Тэр үед та хоёрыгоо 9 хүслээ биелүүлсэн ертөнцийн эзэд мэт аз жаргалаар бялхан байгааг хараад ач хариулна гэдэг нь заавал том зүйл биш юм байна гэдгийг ойлгож авсан юм.
Баярлуулахаасаа илүү гомдоож байсан, жаргаахаасаа илүү зовоож байсан нь олон тэнэгхэн охиноо өршөөгөөрэй. Амьдралын хар цагаан өнгөн дунд унаж, бүдэрч явахад алтан сургаалиа харамгүй хайрлаж гарыг минь ганзганд, хөлийг минь дөрөөнд хүргэсэн ачит тандаа баярлаад баршгүй.
Бурхан миний ганцхан хүслийг биелүүлж өгнө гэвэл “ижий минь охиныхоо бичсэн захидлыг олон жил тодоор уншаасай гэж би хүснэ”. Бурхан намайг ганцхан хүслээ хэл гэвэл “ээжийн минь харааг сайжруулж өгөөсэй гэж би хүснэ”. Миний ээж эрүүл байж бидэндээ алтан сургаалиа хайрлан, охиноосоо очих захидал бүрийг он удаан жил уншаарай.
Амьд бурхад аав, ээж 2 минь байгаа болохоор би энэ дэлхийн хамгийн баян бас хамгийн азтай хүн. Хамгийн үзэсгэлэнт, хорвоогийн наран, сайхан тандаа маш их хайртай.
Намрын уулнаа бугын урамдахыг сонсоорой
Намайг ухаажихыг үзэх гэж ижий минь та урт наслаарай
Манцуйдаа ирж таныг би ганцхан удаа жаргаасан
Магадгүй тэрнээс хойш дандаа зовоосон
Зүүний сүвэгчээр ч багтах он жилүүдийн урсгалд
Зүгээр л дэргэд минь байж хайрла
Ижий гэж дуудах болгондоо баярладаг
Ижил хэдэн хүүхэддээ урт насалж хайрлаарай
Тандаа хязгааргүй хайртай таныӨөдөсхөн охин нь




