Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг угтан бүсийн хэмжээнд аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж, хамтын ажиллагааг хэлэлцэх “Түүхэн аялал жуулчлал–2026 Их Монгол Улс 820 жил” бүсийн зөвлөгөөн өнөөдөр /2026.02.09/ Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна.
Зөвлөгөөний зорилго нь Хэнтий аймгийн хойд бүсийн сумдын аялал жуулчлалын нөөц, боломжийг тодорхойлох, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх, төр, хувийн хэвшил, орон нутгийн байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулж, нэгдсэн зорилго, төлөвлөгөө боловсруулахад оршиж байгаа юм.
Арга хэмжээнд УИХ-ын гишүүд, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Хэнтий аймгийн холбогдох байгууллагууд, хойд бүсийн сумдын Засаг дарга нар, аялал жуулчлалын холбоо, аж ахуйн нэгжүүд, мэргэжилтнүүд болон иргэдийн төлөөлөл оролцож байна.
Зөвлөгөөний үеэр Батширээт, Биндэр, Баян-Адарга, Норовлин, Дадал сумдын аялал жуулчлалын танилцуулга хийгдэж, сум хоорондын хамтын ажиллагаа, байгальд ээлтэй аялал жуулчлал, төр хувийн хэвшлийн уялдаа холбоо зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнөх юм. Мөн Их Монгол Улсын 820 жилийн ойтой холбоотой аялал жуулчлалын боломж, өнөөгийн нөхцөл байдлыг хэлэлцэж, зөвлөмж, шийдвэр батлахаар төлөвлөжээ.
Зөвлөгөөний дараа бизнес уулзалт зохион байгуулж, оролцогчид харилцан туршлага солилцон, хамтын ажиллагааны шинэ боломжуудыг эрэлхийлэх юм.




