Хэнтий аймгийн отгон сайт болох Сүлд.мн сайт байгуулагдаад 10 сарын хугацаа өнгөрч байгаа бөгөөд “Хэнтий аймгийн шилдэг сайт”-аар тодорсон ололт амжилттайгаар 2025 оныг үдэж байна.

Бид өнгөрсөн хугацаанд • Манай сумын манлай малчин • Хайрын өрөг • Бидний нэг • Ажлын өрөөнд • Power talk • Тэр намайг хэр сайн мэдэх вэ • Нутгийн брэнд гэх мэт нэвтрүүлгийг бэлтгэн хүргэж, олон сайхан хүмүүсийн амьдрал, гэгээн дурсамжийг дүрс бичлэгийн хуудсанд түүх болгон хадгалан үлдээлээ.

Мөн Хэнтий аймагтаа анхны подкастыг хийж эхлүүлсэн бөгөөд ирэх ондоо илүү сонирхолтой зочидтой, хэрэгтэй мэдээлэлтэйгээр та бүхэндээ хүрэхээр төлөвлөн ажиллаж байна. Хэнтий аймагтаа залуусын санаачилгаар зохион байгуулж буй 3 лигийн шууд дамжуулалтад хамтран ажиллаж, дуулах сонирхолтой залуусын авьяасыг түгээх зорилгоор “Шинэ жилийн дууны уралдаан”-ыг анх удаа амжилттай зохион байгууллаа. Бид зураг, дүрс бичлэгийн чанарт түлхүү анхаарч олон сонирхолтой фото зургууд, рейл бичлэгүүд, бүрэн хэмжээний нэвтрүүлэг контентоо та бүхэндээ өргөн барьсаар байгаа билээ. Тэр дундаа адуун соёлыг түгээн дэлгэрүүлэх Талын түмэн адуу, Талын төвөргөөн фестивалиудад амжилттай ажиллаж, адуунд хайртай түмэн олныхоо нүд, сэтгэлийг мялаалаа.

Бид нийтэлж буй зураг, мэдээ, видео, нэвтрүүлэг бүрийнхээ ард маш их сэтгэл, цаг хугацаа хөлс, хөдөлмөрөө шингээсэн байдаг билээ. Анхны жилдээ алдаа оноотой олон зүйлүүд байсан хэдий ч цаг хугацаа өнгөрөх бүр улам туршлагажиж, улам их хичээн ажилласаар байнаа.

Хэвлэл мэдээллийн байгууллага нь та бүхний дэмжлэгийн үр шимд үйл ажиллагаагаа явуулдаг билээ. Биднийг сонгож, бидэнд итгэл хүлээлгэсэн бүх хүмүүстээ баярлалаа. Бид ирэх жилүүдэд нэвтрүүлгүүдээ үргэлжлүүлэхээс гадна мэдээний чанарт түлхүү анхаарах, иргэдийн мэдэх эрхийг хангахад чиглэж ажиллахаар редакцын бодлогоо тодорхойлоод байна.

Мөн үндэсний үйлдвэрлэлүүдээ сурталчлах, нийгмийг эерэг зүйлд уриалан дуудсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөлөө.

  • Биднийг дэмждэг иргэд, ААН, байгууллагууддаа дахин баярласнаа илэрхийлье. Шинэ жилийн баярын мэнд хүргэе.

Сүлд.мн сайтын хамт олон

Shares:
Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн