Хэнтий аймаг дахь Политехник коллеж нь сургуулийнхаа Үйлдвэрчний эвлэлийн хороотой хамтран багш, ажилчдын эрүүл мэндийг дэмжих үр дүнтэй арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
Тухайлбал, 2025 оны 12 дугаар сард Улаанбаатар хотын APEX эмнэлэгтэй хамтран сургуулийн 60 багш, ажилтныг эрт илрүүлэг болон нарийн мэргэжлийн шинжилгээ, оношилгоонд хамрууллаа. Энэхүү арга хэмжээ нь багш, ажилчдыг мэргэжлээс шалтгаалах өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн эрсдэлийг эрт үед нь илрүүлэх зорилготой юм.
Зөвхөн эрүүл мэндэд нь анхаараад зогсохгүй Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоогоор зочилж, туршлага судлаж, лектор багш Ш.Галбадрахын сургалт, лекцэд хамрагдсан нь багш, ажилчдын сэтгэлгээ, мэдлэгийг тэлсэн үр өгөөжтэй аялал боллоо.
Харин 2024 оны хувьд тус сургууль нь ЭМЯ-наас санаачилсан “Энэ жилдээ-эрүүл жиндээ” үндэсний аяныг байгууллагын хэмжээнд амжилттай хэрэгжүүлж, нийт ажилтнаараа 95.4 кг жин хассан бодит үр дүн гаргасан юм.
Судалгаагаар 2024 оны эхэнд хэвийн жинтэй ажилтны эзлэх хувь 28 байсан бол жилийн эцэст 44 хувь болж өссөн бөгөөд илүүдэл жин, таргалалтын 1-2 дугаар зэргийн үзүүлэлт 34-22 хувь хүртэл буурсан нь халдварт бус өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд чухал ахиц болсныг харуулж байна.
Эдгээр ажлуудыг амжилттай зохион байгуулснаараа Г.Энхцолмон даргатай Хэнтий аймаг дахь Политехник коллеж 2025 оны Улсын шилдэг Үйлдвэрчний эвлэлийн хороогоор шалгарчээ.




