Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас ХVII Жарны гал морин жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан яамны дэргэдэх ахмадын байгууллага буюу “Хөгжилд нэмэх хүч” ТББ-тай хамтран “Ахмадаа сонсъё” хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгууллаа.

ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө залуу нас, эрдэм мэдлэг, сэтгэл зүтгэлээ зориулан хөдөлмөрлөж ирсэн хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, худалдааны салбарын үе үеийн ахмад зүтгэлтнүүдэд талархал илэрхийлж, мэндчилгээ дэвшүүлэв. Тэрбээр салбарын хөгжлийн бодлогыг тодорхойлоход ахмад буурлуудын үг сургаал үнэтэй болохыг тэмдэглээд 2026 онд яамнаас хэрэгжүүлэх ажлууд, эрх зүйн орчныг сайжруулах хүрээнд санаачлан боловсруулж буй хуулийн төслүүдийн талаар мэдээлэл өгч, харилцан санал солилцсон юм.
Ахмадын холбооны тэргүүн Д.Жанцанхорол салбараас Хөдөлмөрийн баатар 16, гавьяат цолтон 47 (давхардсан тоогоор), төрийн шагналтан 6 төрөн гарсныг онцлоод Ерөнхий сайд, Сайд нарын зөвлөлийн орлогч, Салбарын сайд, орлогч, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, яамны газар, хэлтсийн дарга, мэргэжилтнээр ажиллаж байсан, эрдэмтэн, судлаач, зөвлөх зэрэгтэй олон хүн байгаа бөгөөд өдгөө ч мэдлэг туршлага, ажил үйлсээрээ үлгэрлэж явааг тэмдэглэн хэллээ.
Хүндэтгэлийн арга хэмжээнд 200 гаруй ахмад настан оролцсон бөгөөд ажил хэрэгч уулзалт зохион байгуулж, дуу хоолойг нь сонссон салбарын залуу үеийнхэндээ талархаж буйгаа илэрхийлсэн юм.







