Хэнтий аймгийн Бэрх хотын Ерөнхий боловсролын сургууль байгуулагдсаны 70 жилийн түүхэн ой энэ сарын 12-14-ний өдрүүдэд ёслол төгөлдөр боллоо.

Түүхэн ойд үе үеийн төгсөгчид, багш ажилчид, орон нутгийн удирдлагууд оролцож, сургуулийн хөгжил дэвшил, ололт амжилтаа дүгнэн ярилцав. Бэрхийн сургуулиас олон зуун мэргэжилтэн, улс орны хөгжилд хувь нэмэр оруулж буй иргэд төрөн гарсныг онцолж байлаа.

Ойн баярын хүрээнд сургуулийн түүхэн замналыг харуулсан үзэсгэлэн, урлагийн тоглолтууд зохион байгуулагдав. Мөн сургуулийн хамт олон “Алтан гадас” одонгоор шагнагдсан нь баярын уур амьсгалыг улам тодотголоо.

Мөн ойн хүрээнд багшийн яруу алдрыг харуулсан “Багшийн хөшөө”-г бүтээсэн нь ойн нэгэн чимэг байсан юм. Энэхүү бүтээлийг Бэрхийн сургуулийн 1996 оны төгсөгчид төрөлх сургуулийнхаа үе үеийн багш нартаа зориулан бүтээлгэж, ангийн багш Нямсүрэнгийн залуу дүр төрхийг шингээн урлуулжээ. Уран барималч Н.Баярсайхан, Н.Батсайхан нарын урласан 170 см өндөр энэхүү хөшөөг сургуулийн үүдний танхимд байрлуулсан бөгөөд шавь нараа халуун сэтгэлээр угтан авч буй багшийн дүрээр зохиомжлон бүтээсэн нь онцлог юм.

“Бэрхийн сургууль бидний өргөө” ТББ-аас ойн хүрээнд төгсөгчдийн дэмжлэг, хандив татан төвлөрүүлэх ажлыг эхлүүлж, сургуулийн материаллаг баазыг сайжруулахад зориулж байгааг зохион байгуулагчид онцоллоо.

Ийнхүү 70 жилийн түүхт Бэрх хотын ЕБС ирээдүйд улам олон хүүхэд багачуудыг хүмүүжүүлэн сургах их үйлсээ үргэлжлүүлэн, шинэ амжилтын гараагаа эхлүүлж байна.

Shares:
Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн