Зүүн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүд МУИС-ийн зүүн бүсийн сургуулийн багш нарын төлөөллийг хүлээн авч уулзаж, тэдэнд зүүн бүсээс сонгогдсон нэгдсэн ажлын алба, Эргэх холбоо хөтөлбөр, хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагааныхаа талаар мэдээлж, багш нарын санал хүсэлтийг хүлээн авлаа.

Монголын нэрт соён гэгээрүүлэгч ТО ВАН буюу Б.Тогтохтөр вангийн үүсгэн байгуулсан “Мэргэн ардын сургууль”-ийн үе үеийн тусгал болох тус сургуулийн үндэс нь 1951 оноос эхлэн Чойбалсан хотын 10 жилийн 1 дүгээр сургууль дээр “БАГШИЙН СОНГОН” нэртэй дугуйлан хичээллүүлж, шилдэг сурагчдад багшлах эрх олгодог байснаас улбаалан 1953 онд Ардыг Гэгээрүүлэх Яамнаас тус аймагт “Багшийн сургууль” байгуулах шийдвэр гаргажээ. 1953-1959 оны хооронд 300-аад бага ангийн багш бэлтгэн, Зүүн бүс нутгаа боловсон хүчнээр хангасан байна.

Хожим 1990 оны ардчилсан хувьсгалын эхэн үед Зүүн бүс нутагт бага ангийн багш дутагдах болсон нөхцөл байдал,Зөвлөлтийн мэргэжилтнүүдийн үлдээсэн сургуулийн иж бүрэн цогцолбор байгууламж зэрэгт түшиглэн багш бэлтгэдэг сургууль байгуулах аймгийн АДХГЗ-ны саналыг үндэслэн Ардын боловсролын сайдын 1991 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 232 тоот тушаалаар Дорнод аймагт “Багшийн сургууль” байгуулах шийдвэр гарч, аймгийн АДХГЗ-ны даргын 1991 оны 7 сарын 29 –ны 58 тоот захирамжаар “Дорнод аймаг дахь Багшийн сургууль” нэртэйгээр байгуулагдаж, 8 сарын1-нээс захиргааны, 9 сарын 1-нээс сургалтын үйл ажиллагаа эхэлсэн түүхтэй.

Тус сургууль Дорнод аймаг дахь Багшийн сургууль, МУБИС-ийн харьяа Дорнод аймаг дахь багшийн коллеж, Дорнод дээд сургууль, Дорнод их сургууль, МУИС-ийн Дорнод аймаг дахь салбар сургууль зэрэг нэршилтэйгээр боловсрол олгож яваад 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн МУИС-ийн Удирдах зөвлөлийн 15 дугаар тогтоолоор МУИС-ийн Зүүн бүсийн сургууль болгон нэрээ өөрчилжээ.

Shares:
Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн