Сайн байцгаана уу? Бид бүхэн хэн нэгэнд хэрэгтэй зүйлсийг хуваалцахыг зорьж “USEFUL” хэмээх подкастаа эхлүүлсэн билээ. Энэхүү подкастны хамгийн анхны дугаарт “Номын гүүр” англи хэлний сургалтын төвийн захирал, англи хэлний багш Д.Анхилуун багш маань оролцож байна.

-Та юун түрүүнд өөрийгөө товчхон танилцуулбал?
Сайн байна уу? Намайг Анхилуун гэдэг. Би одоогоос 15 жилийн өмнө томилолтоор ирж байлаа.
-Таныг Филиппин улсад суралцаж байсан гэж сонссон. Би хувьдаа гадаадад суралцах бол дан ганц суралцах биш сэтгэлгээний хувьд тэлэлт байдаг гэж боддог.
-Би ер нь яг хүүхэд байхаасаа эхлээд хэл гэдэг зүйлийг үзэж эхэлсэн.Филиппин улсад англи хэл сурсан. Шашны тэтгэлэгт хөтөлбөрөөр гадаадад сурсан. Гадаадад суралцахад олон хэцүү зүйлс тулгарна.Гэр бүлээ санана, нутаг усаа санана гээд энэ бүхний эцэст сурч буй хугацаандаа өөрөө өөрийгөө олж, “Би хэн бэ?” асуултын хариултаа олсон.
-Яагаад та багш мэргэжлийг сонгож ажиллаж болсон бэ?
-Багш хэмээх цолыг Хэнтий аймгийн хүүхдүүд өгсөн. Би өөрөө багш мэргэжилтэй биш. Хэнтий аймагт нэгэн охин байсан. Тэр охинд би хамгийн анх англи хэл зааж байсан. Тэр охин маань харамсалтайгаар гадаадад сурч байхдаа ослоор өнгөрсөн. Би тэр охиндоо хичээл заахын тулд маш их бэлддэг байлаа. Тэр охин маань маш их мөрөөдөлтэй, зорилготой охин байсан тул намайг их хурцалсан. Тэр охин маань намайг багш болох алхмыг нээж, намайг энэ замд хөтөлсөн.

-Анх яаж сургалтын төвөө нээж байсан бэ?
-Амьдралынхаа алхам бүрт минь хамт байсан хүн бүрт “баярлалаа” гэж хэлээд эхэлмээр байна. Анх Хэнтийд ирээд таних хүн байхгүй, төрсөн ах дүү байхгүй, хамаатан садан байхгүй ийм үеүд надад байсан. Энэ үед маань Эрдэнэбаатар гээд Засаг дарга, Оюунаа эгч хоёр маань тусалсан. Тэр хоёртоо үнэхээр их талархдаг. Хаачихаа мэдэхгүй хэцүү үед минь “Чи бамбар цэцэрлэгт маань ажиллах уу? Манай хүүхдүүдэд хичээл заах уу?” гэж хэлснээс одоогийн МАН 1-р давхрын байранд сургалтын төвөө эхлүүлж байлаа.
Тухайн үед сургалтын төлбөр 20.000 төгрөг. Түрээс 400.000 төгрөг байлаа. 9 хүүхэд суралцдаг байв. Гэхдээ би босно, болно, бүтнэ гэдгийг мэддэг байсан.
2013 оноос эхлээд “Номын гүүр” сургалтын төв маань нээгээд өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа тогтвортой явуулж байна.
– Таныг сэтгэл зүйч мэргэжлээр сурч байсан гэж сонссон. Хүүхэд ер сурахад сэтгэл зүй хэр чухал вэ?
-Маш чухал. Би өнөөдөр гэртээ өлсөөд ирж байгаа хүүхдэд хичээлээ хий гэж хэлж чадахгүй ш дээ. Хэрэв тэгвэл тэр хүүхдэд ямар санагдах уу? Зарим тохиолдолд нэг хүүхэд нөгөө хүүхэддээ сайн болчихоод сэтгэл татагдчихаад хичээлдээ төвлөрч чадахгүй байх тохиолдол гэх зэрэг олон тохиолдлууд байж болно. Үүнийг багш маш мэдрэмжтэйгээр ажиглах хэрэгтэй.

-Англи хэл суралцах нь сайн зүйл ч гэлээ бас зарим сөрөг нөлөө нийгэмд байгаа ажигладдаг. Үүн дээр та үзэл бодлоо илэрхийлбэл?
-Тийм, энэ бол маш эмзэг сэдэв. Цэцэрлэгийн багш нар маш том мессежийг өгч байгаа. Нэгэн судлаач судалгаа хийгээд түүгээрээ ном бичсэн байсан. Тэр номон дээр “0-7 нас хүртэлх хүүхэд аливааг автоматаар цээжилдэг, хоёрдогч хэлийг сурвал төрөлх хэл шиг хүлээж авдаг” гэсэн байсан. Нэгдэгч хэл бол “миний төрсөн цагаасаа хойш суралцсан хэл” юм. Хоёрдогч хэл бол “тэр хэлээрээ гэрийнхэнтэйгээ ч ярилцдаг, бусадтай ч гараад ойлголцдог хэл” юм. Бид энэ зүйлийг ойлгохгүй байгаа. Монгол үндсэн хэлийг эзэмшиж байх явцдаа англи хэлийг сургаж болно. Гэхдээ гэртээ эцэг эх нь англиар ярихгүй, орчинд нь англиар ярихгүй бол тэр хэл нутагшихгүй. Энэ бол маш том асуудал. Нөгөө нэг том асуудал нь цэцэрлэгт очоод хүүхэд багштайгаа болон бусадтайгаа ойлголцохгүй байдал үүсээд байна. Гэртээ байхдаа утас үзээд түүнээсээ англи хэл сурдаг, үг сурдаг бөгөөд тэр үгээрээ цэцэрлэгтээ багштайгаа бусадтай харилцах гэдэг. Хэрэв гэртээ эсвэл амьдарч буй орчинд нь хэн нэгэн англи хэлээр тухайн хүүхэдтэй харилцдаггүй бол энэ маш том анхаарах асуудал. Хэл устах хамгийн том аюул бол үйл үг устах юм. Comment бичээд share-лэчих, copyдоод send-лэчих гэх мэтээр ярих нь ихэссэн байна. Ийм Монгол үг огтоос байхгүйг бүгд мэднэ. Тийм хэрнээ том жижиггүй, хүүхэд эцэг эхгүй ашигладаг. Энэ тохиолдол бүрт хэл устдаг.
Би хүүхдүүддээ хэлдэг юм. Англиар ярих бол англиараа л ярь, Монголоор ярих бол монголоороо л ярь. Хоёр хэлийг хачиртай талх шиг бүү хавчуулж ярьж бай гэж хэлдэг...
Бүрэн эхээр нь сонсохыг хүсвэл https://www.facebook.com/khaanii.nutag/videos/1113910857389736 линкээр зочлоорой.




