Сайн байна уу, ээжээ.
Энэ үгийг ингэж бичиж сууна гэж бодож байгаагүй ч сэтгэл дотор минь хадгалагдсаар байсан учраас энэ орой захидал болгож илгээе гэж бодлоо. Ингэж бичих боломжийг олгосон танай хамт олонд юуны өмнө баярлалаа.

Ээжээ,
Би таныг тэнгэрт дэвшснээс хойш их олон зүйлийг анх удаа ганцаараа хийж сурсан.
Өглөө босоход “цайгаа уугаарай” гэж хэлэх дуугүй, орой ядарч ирэхэд “охин минь” гэж тосох тэврэлтгүй, бусдад адлуулж уйлаад ирэхэд минь тэврэх тэврэлтгүй, олон олон жилийг үдсэн. Танд ховломоор олон муу хүмүүстэй таарсан, тантай хуваалцмаар олон сайхан зүйлтэй ч тулгарсан. 

Одоо харин Охин нь 2 сайхан хүүхдийн ээж болсон Орчлонд ээж гэдэг эрхэм алдарыг зүүсэн. Таниасаа авсан их хайрыг чимхийг ч дутаахгүй үрсдээ өгч байгаа. Яг тан шиг сайн ээж, сайхан ээж байхын тулд бүх чадахаараа хичээж байгаа.  Амьдрал гэдэг үргэлжлэл юм байна гэдгийг илүү ойлгож, амьдарч байх хугацаандаа сайн хүн байх гэж хичээж л явна.
Ээжээ,
Би одоо илүү тэвчээртэй болж байна. Илүү зөөлөн хүн болж байна. Таны надад зааж өгсөн
“сайн хүн байх” гэдэг үгийг өдөр бүр санаж амьдрахыг хичээж байна.

Заримдаа тэнгэр рүү харахаараа та яг л тэндээс инээгээд харж байгаа юм шиг санагддаг.
Тэр үед зүрх минь тайвширч, дэргэд минь биш ч дээрээс ивээдэг бурхантай болсноо мэдэрдэг шүү.

Цагаа болохоор бид бүгд тийшээ очно. Би тань дээрээ очноо. Тэхдээ тэр цаг хүртэл үрсийнхээ сайн ээж нь, ханийнхаа сайн эхнэр нь, найз нөхдийнхөө үнэнч анд нь байж нэр төртэйгээр тандаа очноо.

Эх хүн амь нь тасарсан ч үрийнхээ төлөө гол нь тасардаггүй гэх. Гэхдээ та минь санаа зоволтгүй ээ. Таны бяцхан охин сайн байгаа. Гагцхүү ээжтэйгээ өтлөж буй хүмүүсийг харахаар цагаахан атаархал төрөх юм. Ямар баян, ямар их аз жаргалын дунд бялхаж яваагүй мэдэхгүй тэр хүн болгонд хэлмээр санагдах юм. Ээжийгээ л хайрлаарай. Ээжийгээ эрхлүүлээрэй. Энэ хорвоод эргэж хэзээ ч заяахгүй дахиж хэзээ ч олдохгүй эрдэнэ юм шүү.

Даанч дэргэд нь байхад ухаардаггүй, алдсан хойноо харамсдаг нь хүний зан юмуу даа.

За ингээд захидлаа өндөрлье. Тэнгэрт байгаа ээж минь л сонсвол болно доо. Бас миний энэ бяцхан захидлыг сонссон хүн бүр ээждээ хайртай гэдгээ заавал хэлээрэй. Үг хожимдоно гэж байдаг юм шүү.

Ээждээ хайртай шүү.

Shares:
Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн