Нийтийн орон сууц гэдэг нь зөвхөн нэг айл, нэг хаалганы орон зай биш. Хана, тааз, шатаар холбогдсон олон айлын хамтын амьдралын орчин юм. Гэтэл орон сууцанд амьдарч буй иргэдийн дунд шөнийн цагаар чанга дуу чимээ гаргах, архидан согтуурах, хэрүүл маргаан үүсгэх, хүүхдүүд нь шуугилдан гүйлдэх зэрэг зөрчилүүд гарч олон айл өрхийн амгалан тайван байдлыг алдагдуулж байдаг.
Ихэнх иргэдийн хувьд “айл гэрийн амьдралд оролцоод яахав” гэж тэвчиж, заримдаа хэлж ойлгуулах гэж хичээж, чимээ шуугианаа намсгахыг гуйдаг. Харин нөгөө тал нь “танд хамаагүй”, “би гэртээ юугаа ч хийсэн яадаг юм” гэх мэтээр өөрийгөө өмгөөлдөг бол энэ нь хууль зөрчсөн үйлдэл гэдгийг та мэдэх үү.
Тодруулбал Зөрчлийн тухай хуульд зааснаар “Нийтийн зориулалттай орон сууцанд шөнийн цагаар (22:00–07:00 цагийн хооронд ) бусад оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байдаг.
Тиймээс орон сууцанд амьдарч байна гэдэг нь “дуртайгаа хийж дураараа дургиж болно” гэсэн үг биш. Харин хамтын орчинд хариуцлагатай амьдрах, хуулиар хүлээсэн үүрэгтэйгээ санах хэрэгтэй.
Таны хөршид өндөр настан, дөнгөж төрсөн нярай, эсвэл хүнд өвчтэй хүн ч амьдарч байгаа шүү дээ. Тиймээс та оройн цагаар аль болох чимээ шуугайн гаргахгүй байж бусдыгаа хүндэтгэнэ үү. Нийтийн орон сууцанд амьдрах соёлд суралцаагүй бол таван ханатай гэрээ бариад тал дүүрэн орилоод суух боломж танд бий шүү




