Захидалтай үдэш: Нэрээ нууцлахыг хүссэн нэгэн бүсгүйгээс тэнгэрт дэвшсэн аавдаа зориулж захидал ирүүллээ. Хүн аавдаа, ээждээ гомдох үе бишгүй л байдаг. Гэхдээ хэзээ ч үнэн сэтгэлээсээ гомддоггүй, үргэлж дотроо хайрласаар байдаг билээ. Харин тэр хайраа дэргэд байхад нь л ил гаргаж, сэтгэлээ дэвтээгээрэй…

Хайртай аавдаа.. Сайн сууж байгаа юу ааваа? Охин нь эндээ сайн сууж байгаа..

Таныг эндээс явсны дараа охин нь хөөрхөн хүүтэй болсон. Одоо 2 настай дүрсгүй хүү аниагаа дагаад хаа саагүй л гүйдэг болсон. Гэхдээ та мэдсэн үү? Таныг явсны дараа, би төрөөд удаагүй.. өөрөө өөрийгөө аргадах гэж, өнгөрсөнд үлдсэн таныг бас өөрийгөө ойлгох гэж, эдгээх гэж ямархан хэцүү цаг хугацааг яажшуухан өнгөрөөснийг..

Тэгээд би өвөөгийн хуучин хашаанд үеэл эгчийнх рүү явсан. (Тэднийх нээрээ нэг мөсөн нүүгээд ирснийг та мэдсэн бил үү?) Ямартай ч би эхлээд гэрээсээ гараад, дараа нь аймгийн төвөөсөө гараад малын бууц үнэртсэн хуучин хашаандаа очсон. Мартагдах шахсан олон дурсамжаа сэргээж, сэтгэлийн амар амгаланг мэдрээд яг 3 хоноод ирсэн. Энэ яг л хаачихаа мэдэхгүй хичнээн олон жил тэнэж тэнэж яваад гэртээ ирэх шиг, тийм мэдрэмж байсан. Тэр хашаанд амьдарч байсан хүмүүс л үгүй болсноос бусдаар бүх зүйл яг өмнөх байдлаараа.. Өвөө, эмээгийн амьдардаг байсан жижигхэн байшин, дээр нь гарч тоглодог байсан малын хашаа.. гээд ер бүх юм тэр хэвээрээ байх нь гайхмаар ч юм шиг.

Одоо гэхдээ охин нь хамаагүй дээрдсээн. Тэр нэг хэсэг үеээс хойш олон ч сайхан зүйл тохиолдсон. Магадгүй та мэдсэн байх аа.

Харин ээж үү? Та ээжтэй холбогддог болов уу? Үгүй болов уу? Үнэндээ би ээжтэй таны талаар, аж амьдралынх нь талаар тэр болгон ярилцаж, сэтгэлийг нь хуваалцаж чаддаггүй юмаа.. Би ч муу охиндоо. Ивий минь дээ, та 2 минь уг нь цор ганц охинтой юмсан. Гэтэл миний байж байгаа царай. Таныг ч ойлгож, уучилж, урам өгч ганц удаа талархаж байсангүй. Мэдсээр атал ээжийгээ ч эвийлж, тулж түшиж чадахгүй л явна..

… бага байхад би гэхдээ таныг битгий архи уугаасай.., орой битгий ирээсэй.., ер нь ингэж байхаар үхээд өгөөсэй гэж боддог байсныг, заримдаа бүр залбирдаг байсныг та мэддэг байсан болов уу?

Ийм нүгэлтэй юм бодож, залбирдаг байсан атлаа өвдөөд хэвтэхэд тань сэтгэлийн гүнд нэг хүнд юм тээглэчхээд хөнгөрч өгдөггүй юм билээ. Таныг хамгийн сүүлд харахдаа би царайг тань харж чадаагүй. Яагаад гэвэл би хоцорчихсон юм. Тэд хэдийнээ толгойг тань хадгаар ороочихсон байсан.. Харин та намайг ирснийг мэдсэн үү?.. Би уг нь хүлээн авах руу орох хүртлээ, тийм байдалтай харах хүртлээ бодсон. “..өмнөх шигээ бие нь муудаад л энд ирсэн байх” гэж, үнэндээ тэгж л бодохыг хичээж байсан ч харамсалтай нь үгүй байсан. Уулзаж чадаагүйд уучлаарай, ааваа..

“Тэр өдөр”, тэр өдөр болоход хүн юу ч мэддэггүй юм байна билээ. Би зүгээр л дулаан хөнжилдөө унтаж байсан. Гэхдээ би урьд өмнө нь хэзээ ч зүүдэлж байгаагүй үеэлийгээ зүүдэлсэн /аавынхаа хамгийн том ахын хайртай шар охиныг нь/ яг энэ зүүдэнд л дуудлага ирсэн. “Тэр өдөр” ирэх үед “би юу хийж, ямархуу сэтгэл санааны байдалтай байж байх бол” гэж бодож байсан ч тэр өдрийг тийм эрт эхэлнэ гэж бодож байгаагүй. Би зүгээр л унтаж байсан…

Харин та тэгж удаан хүлээсэн “Цагаан сар”-аа ч үзэж чадаагүй. Амьдралын сүүлчийн мөч ирэхэд хайртай охиноо ч үнэрлэж чадаагүй. Олон, олон бодол үлдээгээд жаргаж үзээгүй аав минь жаргачихсан. Аав байхгүй болоход аавдаа гомдож байсан гомдол, цөхрөл, уур хилэн бүгд байхгүй болчихсон. Харин харуусал л үлддэг юм байна..

Ааваа та Л.Өлзийтөгсийн “Үзэхийн хязгаар” гэдэг номыг уншиж байсан уу? Тэр номонд “Үхэж байгаа нь биш, үлдэж байгаа нь л үхлийг мэдэрдэг” гэсэн үг байдаг юм. Энэ үгийг би үнэн байгаасай гэж хүсдэг. Амжиж очоогүй охин чинь олгой авхуулахдаа нулимстай байсан аавыгаа үхэлтэй тулахдаа айгаагүй байгаасай, үхлийн хүндийг үлдсэн бидэн шиг ингэж их мэдрээгүй байгаасай гэж хүсдэг..

Хайртай охиноос тань өгч чадаагүй 2 дахь захидлаа бичлээ

Shares:
Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн