Хэнтий аймгийн иргэн Т 2022 онд …. нэгэн хувийн дээд сургуулийн биеийн тамирын багшийн ангид суралцахаар тухайн үед сургалтын менежерээр ажиллаж байсан Даваасүрэн гэх бүсгүйтэй холбогджээ.

Учир нь Т орон нутагт ажил хийдэг байсан учраас 4 жилийн турш хичээлдээ бүтэн сууж чадахгүй гэдэг шалтгаанаа хэлжээ. Тухайн үед ковидын жил байсан тул сургуулиуд онлайн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байсан юм. Ингээд Даваасүрэн ч зөвшөөрч 2 жилийн сургалтын төлбөр, кредитийн мөнгө гэж 10-аад удаагийн гүйлгээгээр 6,0 сая төгрөг шилжүүлэн авчээ.

Ингээд асуудал үүсээд эхлэхээр иргэн Т тус сургууль дээр нь очиж уулзахад Даваасүрэн нь 10 гаруй хүнийг ингэж хохироосон асуудалтай тул ажлаас нь чөлөөлсөн гэжээ. Мөн сургуулийн нэр хүнд унах вий битгий хэл ам хийгээрэй, ахиад 7-8 сая төгрөг өгчихвөл дипломыг чинь гаргаж өгье гэсэн байна.

Хамгийн сүүлд буюу 2024 онд иргэн Т нь Даваасүрэнтэй холбогдоход “Ийм асуудал болно гэж бодсонгүй, би мөнгийг өгнөө” гэж хэлснээс хойш холбогдохоо больж.

Энэ асуудлаар бид Даваасүрэн гэх эмэгтэйтэй утсаар холбогдож тодруулахад “Би Т-тэй өөртэй нь ярина” гэснээс өөр тайлбар өгсөнгүй.

Харин тус сургуулийн эрх бүхий албан тушаалтантай холбогдоход “Даваасүрэн нь манай сургалтын менежерийн туслах байсан. Пэйж хуудасны админ байсан учраас, пэйжрүү чат бичсэн хүмүүстэй холбогдож маш олон хүнийг залилсан байсан. Бид 2024 онд иргэнээс ирсэн гомдлын дагуу анх мэдэж хуулийн байгууллагад өгч, ажлаас нь чөлөөлсөн. Мөн хохирсон гэх иргэдтэй уулзаж асуудлыг нь шийдэж, хохиролгүй болгосон” гэсэн тайлбар өгсөн юм.

Бид энэ удаагийн асуудлыг сэрэмжлүүлэг болгох үүднээс нийтлэж байна. Учир нь цахим хуудсаар холбогдоход цаана нь зальт этгээд нуугдаж байхыг үгүйсгэхгүй юм гэдгийг энэхүү бодит жишээнээс харж болох юм. Мөн тухайн сургууль энэ асуудалд оролцоогүй тул сургуулийн нэрийг нууцаллаа.

Shares:
Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн