Эмэгтэй хүн байх хангалттай хэцүү. Харин гоё эмэгтэй байх түүнээс ч хэцүү. Гоё, залуухан эмэгтэй бол бүр шийтгэл гэсэн үг.

Гоё эмэгтэй ажилдаа хичнээн мундаг байлаа ч түүний оюун ухаан, хөдөлмөр, хичээл зүтгэлийг хүмүүс хамгийн сүүлд нь л харна. Харин гадаад төрхийг нь хамгийн түрүүнд шүүнэ. Тэд албан тушаал ахивал “Даргын нууц амраг л байж таараа, өнгөтэй өөдтэй явдал “За даа, нэг баян эрийн ивээлд орсон байлгүй” гэсэн хардлага дагалдана.

Энд чадвар чухал биш, хичээл зүтгэл сонин биш. Зөвхөн “яаж ийм байдалд хүрэв?” гэх асуултад хамгийн хялбар, хамгийн доромж хариуг сонгодог. Эмэгтэй хүний амжилтыг өөрийнх нь хөдөлмөртэй холбож бодохоос илүү, заавал нэг эрэгтэй хүнтэй холбож тайлбарлах гэж оролддог. Гоё эмэгтэй албан тушаал ахихдаа баярлахаас илүү айдаг. Яагаад гэвэл дараагийн өдөр нь түүний нэртэй хамт өөрийнх нь ч мэдэхгүй түүхүүд урсаж эхэлнэ…

Эмэгтэй хүн гоё төрсөндөө буруугүй. Өөрийгөө арчилж, хөгжүүлж, хөдөлмөрлөж, амьдралаа сайхан авч явах нь гэм биш. Гэвч гоё эмэгтэй болгонд “далд ивээн тэтгэгч” наах нь бодит байдлыг гутааж, эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг үгүйсгэж буй хэлбэр юм.

Нийгэм гоё эмэгтэйг шийтгэхээ больж, гоё байхаас үл хамааран, эмэгтэй гэхээс нь үл хамааран хүн гэдэг утгаар нь чадварыг нь харж, бодитоор үнэлж сурах хэрэгтэй. Харин ч гоё сайхан биеэ авч яваа эмэгтэйчүүд, ээжүүд, охидуудыг магтан саашаах хэрэгтэй. Монголын бүх эмэгтэйтэйчүүд гоё, хүчирхэг. Тэд ямарч эр хүнээс дутахгүй амьдралаа авч явж, ажлаа гаргууд сайн хийж чадна. Зөвхөн тэдэнд бяцхан урам л хэрэгтэй.

Shares:
Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн