Зэвсэгт хүчний 105 жилийн ой, Монгол цэргийн баярыг тохиолдуулан Хэнтий аймгийн Баян-Овоо суманд зохион байгуулагдсан олон талт арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө.
Тус арга хэмжээ 2026 оны гуравдугаар сарын 14-нөөс 18-ны өдрүүдэд үргэлжилж, сумын иргэд, төрийн байгууллагууд, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид идэвхтэй оролцсон байна.
Баярын хүрээнд Монгол цэргийн өдрийн нэрэмжит гар бөмбөгийн тэмцээнээр эхэлсэн үйл ажиллагаа нь залуусын оролцоог нэмэгдүүлж, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал нөлөө үзүүлжээ.
Гуравдугаар сарын 17-ны өдөр “Бид-Ирээдүйн цэрэг” сургалт амжилттай зохион байгуулагдаж, ЕБС-ийн 6-9 дүгээр ангийн сурагчдад цэрэг эх оронч үзэл, анхан шатны мэдлэг олгосон байна. Мөн “Эрүүл агаар – Эх орны цэрэг 2026” спорт өдөрлөг Наадмын талбайд болж, цэргийн алба хаагчдад хүндэтгэл үзүүлэхийн зэрэгцээ марш тактикийн тэмцээн, хийн буудлага, гранат шидэлт, автомат задлах угсрах зэрэг олон сонирхолтой тэмцээн, үзүүлбэрүүд явагдсан юм.
Арга хэмжээний төгсгөлд шилдэг оролцогчдод шагнал гардуулж, үдшийн цэнгүүн зохион байгуулсан нь оролцогчдын сэтгэлд өндөр сэтгэгдэл үлдээжээ.
Мөн гуравдугаар сарын 18-ны өдөр “Жавхлантын хурд” уяачдын холбооны 20 жилийн ой болон Монгол цэргийн баярт зориулсан урлагийн тоглолт болж, сумын иргэдэд соёл урлагийн цогц үйл ажиллагааг хүргэсэн байна.
Ийнхүү Баян-Овоо суманд зохион байгуулагдсан Монгол цэргийн баярын арга хэмжээ нь эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэх, иргэдийг цэрэг-спортын үйл ажиллагаанд өргөнөөр татан оролцуулах, орон нутгийн уур амьсгалыг идэвхжүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо.




