Төрийн байгууллагад нягтлан бодогчоор ажиллаж байсан эмэгтэй цахим бэлэн мөнгөний сугалаанд оролцож, улмаар иргэдээс өндөр хүүтэй мөнгө зээлсний улмаас их хэмжээний өрөнд оржээ. Өрөө төлөх зорилгоор 2024–2025 оны хугацаанд төрийн сангийн данснаас 10 удаагийн гүйлгээгээр нийт 342 сая төгрөгийг өөрийн болон бусдын данс руу шилжүүлэн авсан нь тогтоогдсон байна.
Ингэхдээ гүйлгээ баталгаажуулах эрх бүхий албан хаагчдын нэвтрэх нэр, нууц үгийг хууль бусаар ашиглаж байжээ.
Тиймээс анхан шатны шүүхээс албан тушаалаа урвуулан ашиглаж үргэлжилсэн үйлдлээр төрд их хэмжээний хохирол учруулсан, кибер орчинд цахим системээр зөвшөөрөлгүй нэвтэрсэн тул нийтийн албанд ажиллах эрхийг 4 жилийн хугацаагаар хориглож, 2.6 жил нээлттэй хорих ангид ял эдлүүлэх шийдвэр гаргалаа. Мөн төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, эд хөрөнгийг хураах шийдвэрийг гаргажээ.




