Төрийн албаны тогтвортой, хараат бус, мэргэшсэн байдлыг хангах үндсэн зорилготой байгууллага бол Төрийн албаны зөвлөл (ТАЗ) юм. Хуулиар олгогдсон чиг үүргийнх нь дагуу тус зөвлөл нь төрийн албан хаагчдыг улс төрийн нөлөөллөөс хамгаалах, хууль бус томилгоо, үндэслэлгүй халалт, дарамт шахалтаас сэргийлэх үүрэгтэй.
Өөрөөр хэлбэл Монгол Улсын хэмжээнд ажиллаж буй мянга мянган төрийн албан хаагчийн “ар тал”, “түшиг тулгуур” нь байх учиртай институц.
Айл гэрт асуудал үүсвэл “аавдаа” ханддагтай адил, ажил албанд нь шударга бус байдал, дарамт тулгарвал төрийн албан хаагч хамгийн түрүүнд ТАЗ-д хандах ёстой. Энэ утгаараа ТАЗ бол төрийн албан хаагчдын эрх ашгийг хамгаалах хамгийн сүүлчийн, бас хамгийн чухал хамгаалалт юм.
Гэвч бодит байдал дээр Төрийн албаны зөвлөл төрийн албан хаагчдынхаа эрхийг үнэхээр хамгаалж чаддаг уу гэсэн асуулт зүй ёсоор тавигдаж байна.
“Шүүр”, “шүгэл” гэх нэрийн дор хэрэгжсэн олон арга хэмжээний үр дүнд төрийн албаны шалгалтыг давж гарч чадаагүй шалтгаанаар мэргэшсэн, олон жилийн туршлага хуримтлуулсан албан хаагчид олноороо ажлаасаа чөлөөлөгдсөн бодит жишээ цөөнгүй. Хууль бус томилгоог илрүүлж, хүчингүй болгох дархан эрхтэй ТАЗ хууль бус халаа сэлгээнд яг ямар байр суурь баримталж, хэрхэн хариу арга хэмжээ авдаг нь олон нийтийн хувьд тодорхой бус хэвээр байна.
Хэдийгээр төрийн албан хаагчид хууль бус шийдвэрийг биелүүлэхээс татгалзах, байгууллага доторх зөрчил, завхралыг илчлэх эрхтэй ч бодит амьдрал дээр айдас тэднийг дуугүй байлгасаар байдаг.
Албан тушаалтны хууль бус шийдвэртэй сөргөлдвөл ажлаа алдах, дарамтад орох, цаашдын карьертаа “хар толбо” үлдээх эрсдэл байсаар. “Ноёнтой тэрсэлдвэл толгойгүй, нохойтой өшрөхвөл хормойгүй” гэх үг өнөөдрийн төрийн албанд ч амь бөхтэй оршсоор буй нь харамсалтай.
Ийм нөхцөлд Төрийн албаны зөвлөл жинхэнэ утгаараа төрийн албан хаагчдын талд зогсож, айдсыг нь арилгах бодит хамгаалалт болж чадаж байна уу гэдэг асуулт хариултаа нэхсээр байна.




