Зүүн бүсийн иргэд тэр дундаа Дорнодчуудын олон жил шаардсаар ирсэн Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн эвдрэлтэй 50,0 км автозамыг шинэчлэх ажил эхэллээ.
УИХ-аар хэлэлцэн баталсан Дэлхийн банкны 59,0 тэрбум төгрөгийн зээлийн хөрөнгөөр хэрэгжих энэхүү ажлын гүйцэтгэгчээр БНХАУ-ын компани, техник, технологийн хяналтын зөвлөхөөр Өмнөд Солонгосын компани ажиллахаар болсон. Захиалагчийн хяналтыг Зам, тээврийн яам хэрэгжүүлнэ.

Зүүн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүд УИХ-аас батлан хэрэгжүүлж буй тус замын ажлын хэрэгжилтэд захиалагчийн болон техник технологийн хяналт хэрхэн тавьж буйтай танилцаж, тухай бүр иргэдэд мэдээлж ажиллана. Мөн олон иргэний амь нас, эд хөрөнгөд ноцтой хохирол учруулсан энэ замыг шинэчлэхээр болж буй нь сайн хэдий ч 2013-2014 онд чанаргүй гүйцэтгэсэн компани болон санхүүжилтийг олгосон Зам, тээврийн яам, холбогдох байгууллагын албан тушаалтанд хуулийн хариуцлага тооцуулах бидний удаа дараагийн хүсэлт шийдвэрлэгдээгүйд харин туйлын харамсалтай байна гэдгээ гишүүдийн зүгээс мэдэгдлээ.




