Хэнтий аймгийн нэгэн сургуулийн захирал 12 дугаар ангийн сурагчдаас “урьдчилсан ЭЕШ-д тодорхой хэмжээний оноо авна. Хэрэв авч чадахгүй бол үндсэн ЭЕШ-д өөрийн хүсэлтээр орохоос татгалзана” гэсэн агуулгатай бичигт гарын үсэг зуруулсан талаар эцэг эхчүүд мэдээллээ.
Тэдний хэлж буйгаар уг үйл явдал өнгөрсөн оны есдүгээр сарын сүүлчээр болсон бөгөөд тухайн үед сурагчид төдийлөн ач холбогдол өгөлгүй, өөрсдийн төсөөллөөр авах боломжтой гэж бодсон оноогоо бичиж гарын үсэг зуржээ.
Захирлын зүгээс сурагчдыг 10, 10-аар нь өрөөндөө оруулан уулзаж, дээрх бичигт гарын үсэг зуруулж, цаасыг нь хураан авсан байна.
Сурагчид энэ тухайгаа эцэг эхдээ хэлсэн ч тухайн үед нь нэг их анзаараагүй аж. Харин шалгалтын хугацаа дөхөхийн хэрээр эцэг эхчүүд санаа зовниж эхэлжээ. Учир нь ирэх дөрөвдүгээр сард урьдчилсан шалгалт болох бөгөөд зорьсон оноондоо хүрч чадахгүй тохиолдолд дээрх бичиг асуудал дагуулах вий гэж болгоомжилж байгаа юм.
Мөн сурагчдад “хэрэв урьдчилсан шалгалтад оноондоо хүрэхгүй бол үндсэн ЭЕШ-аас татгалзаж, дараа нь өвлийн шалгалтад хувиараа орж болно” гэж тайлбарласан байна. Хувиараа шалгалтад орох нь тухайн сургуулийн дундаж буюу массын оноонд нөлөөлдөггүй гэдгийг ч хэлжээ.
Энэ нь сурагчдад зорилго тавьж, илүү хичээхэд нь түлхэц өгөх зорилготой арга хэмжээ байсан уу, эсвэл сургуулийн нэр хүнд, шалгалтын дундаж оноог хамгаалах үүднээс зарим сурагчдыг шалгалтад оруулахгүй байх оролдлого байсан уу гэдэг эргэлзээ эцэг эхчүүдийн дунд үлдэж байна.
Тэгвэл энэ асуудлаар тухайн сургуулийн удирдлагатай холбогдоход дараах тайлбарыг өглөө. Тус сургуулийн зүгээс “2018 оноос эхлэн төгсөх ангийн сурагчидтай амжилтын гэрээ байгуулж ирсэн. Энэ нь хүүхдүүдийг хичээлдээ илүү анхаарч, зорилго тавьж ажиллахад дэмжлэг үзүүлэх зорилготой. Уг гэрээнд сурагчид ирээдүйд эзэмшихийг хүссэн мэргэжил, зорилгоо ч бичдэг.
Элсэлтийн шалгалт өгөх эрхийг хааж боосон зүйл огт байхгүй. Хүүхдүүдтэйгээ ярилцаж, зөвлөгөө өгч ойлголцох байдлаар ажилладаг. Энэ тал дээр эцэг эхчүүд ташаа ойлголт авсан бололтой” гэсэн юм.




