Сүүлийн жилүүдэд өсвөр насны хүүхдүүдийн дунд үе тэнгийн дээрэлхэлт, дарамт шахалт улам нэмэгдэх хандлагатай болжээ. Хамгийн эмгэнэлтэй нь зарим хүүхэд ийм үйлдлээсээ айж ичихийн оронд цахим орчинд бичлэг, зураг болгон нийтэлж, бүр гайхуулдаг болсон явдал юм.
Ийм харгис, хүйтэн хандлагатай хүүхдүүдийг өсгөж хүмүүжүүлж байгаа бид, эцэг эхчүүд ч бас өөрсөд рүүгээ нэг өнгийж харах цаг болсон болов уу.
Гэхдээ сургуулийн орчинд ийм асуудал гарч байхад үнэхээр хэн ч мэдэхгүй байдаг гэж үү? Ангийн багш, нийгмийн ажилтан, сургуулийн удирдлага гээд хүүхдүүдтэй өдөр бүр ажилладаг хүмүүс бий. Тэд хүүхдүүдийн хэн хэнтэйгээ ойр, хэн нь байнга маргалддаг, хэн нь бусдаасаа дөлж явдгийг анзаарахгүй өнгөрөх боломж хэр байдаг бол?
Эсвэл сургуулийн нэр хүндээ бодоод дуугүй өнгөрөх тохиолдол байдаг юм биш биз?
Нөгөө талаар сургуулийн орчинд ангийн цэвэрлэгээ, засвар үйлчилгээ, баяр ёслол гэх мэт зүйлсийн хүрээнд эцэг эхчүүдээс багагүй мөнгө татдаг. Харин хүүхдүүдийн сэтгэлзүйн боловсролд зориулсан сургалт зохион байгуулах, оюунд нь хөрөнгө оруулах, хүмүүжилд нь чиглэсэн бодит ажил хийх тал дээр хэр анхаарч байна вэ гэдэг асуулт бас гарч ирнэ.
Мэдээж хүүхдээ хүмүүжүүлэх нь эцэг эхийн үүрэг гэж хэлж болно. Гэхдээ эцэг эхчүүд үр хүүхдээ хэзээ ч “муу хүн болсон” гэж бодохыг хүсдэггүй. Тиймээс зарим асуудал гаднаас нь хэлж, анхааруулж байж л анзаарагддаг тал бий.
Хэрэв багш, сургууль, эцэг эхчүүд хамтдаа үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг бодит арга хэмжээ авахгүй бол үр дагавар нь улам ноцтой болж мэднэ. Нэг хэсэг нь бусдыг дарамталж, хүчирхийллийг хэвийн зүйл мэт ойлгож өссөөр эцэстээ хууль зөрчих хэмжээнд хүрч болзошгүй. Харин нөгөө хэсэг нь айдас, дарамтад автсаар сэтгэлзүйн хүнд байдалд орж, бүр амиа хорлох эрсдэлтэй нүүр тулж байгааг ч үгүйсгэх аргагүй.
Тиймээс үе тэнгийн дээрэлхэлтийг “хүүхдийн хоорондын жижиг маргаан” гэж үзэх биш, харин нийгмийн ноцтой асуудал гэдгийг ойлгож, хамтдаа шийдэх цаг аль хэдийн иржээ.




