Хэнтий аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Түмэнбаяр Галшар сумын Оч багийн иргэдээс ирүүлсэн санал, гомдлын дагуу тухайн багийн нутаг дэвсгэрт жонш олборлож байгаа “Арвижих болор билэг” ЗБН-ийн хууль бус үйл ажиллагааг хянаж шалгуулахаар Хэнтий аймгийн ЗДТГ-ын дарга А.Жаргалсайханд хүсэлтээ хүргүүллээ.

Уг хүсэлтийн дагуу Хэнтий аймгийн ЗДТГ-ын Салбарын хяналт зохицуулалтын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Дашпүрэв, Галшар сумын Засаг дарга Т.Энхчулуунд дээрх нөхөрлөл нь “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын 2.3 дахь заалт, 3.1.4 дэх хэсгийг удаа дараа зөрчиж байгаа тул 3 талт гэрээг цуцлах санал бүхий албан бичгийг хүргүүлсэн байна.

Тодруулбал Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын 3.1.4 буюу гэрээ байгуулсан бичил уурхай эрхлэгч этгээд нь ашигт малтмал олборлохдоо 3500 см3 хүртэлх багтаамжтай дотоод шаталтат хөдөлгүүр бүхий 1-ээс илүүгүй механизмыг ашиглах, 2.3 буюу Бичил уурхай эрхлэгч этгээд нь насанд хүрсэн Монгол Улсын иргэн байх, тухайн аймаг, нийслэлд оршин суугчаар бүртгүүлсэн, нөхөрлөл, хоршооны гишүүн байх гэсэн шаардлагыг удаа дараа зөрчсөн гэж үзэж байгаа юм.




