Хүнсний үйлдвэрийн нурсан барилга Чингис хотын өнгө үзэмж, иргэдийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлсөөр олон жилийн нүүр үзэж байна.
Хүн амиа хорлосон, насанд хүрээгүй хүүхдийг чирч оруулж хүчирхийлэхийг завдсан гэх мэт сэтгэл сэрдхийм хэргүүд энэхүү объекттой холбоотой байдаг.

Хотын төвдөө сүнстэй байшин шиг сүрдмээр, сэжиглэмээр энэ барилгын жинхэнэ эздийг хэн болохыг таахад хэцүү. Бас энэхүү объектоо хэзээ хэрхэн ашиглах нь ч тодорхойгүй. 2020 онд УИХ-ын гишүүн Ц.Идэрбат аймгийн Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа энэхүү барилгын эзэмшигч гэх “Хангал” ХХК-ийн захирал н.Мөнхбаттай уулзалт хийсний үр дүнд хашаажуулж, харуул манаачтай болгосон тухай мэдээллүүд сошиалаар явдаг. Мөн “орон сууцны хотхон барина гэнээ” гэсэн мэдээллүүд ч нэлээдгүй явсан.

Харин одоо хашаа нь эвдэрч, харуул манаа огт байхгүй, эргээд л архичдын цугладаг, айдас дагуулдаг балгас хэвээрээ байсаар. Биднийг мэдээлэл бэлтгэхээр ороход өдрийн 13 цагийн үед 3-4 хүн архи уугаад сууж байх жишээтэй.
Харин 2025 оны 3 сард Хэрлэн сумын Засаг дарга Д.Эрдэнэбаатар “Хэнтий Хангай “ХХК-д хаяглаж 4 сарын 1-ний дотор хашаажуулах, тохижилт хийх талаар албан бичиг хүргүүлсэн байна. Хариу ирүүлэх хугацаа дуусаад 12 хоносон тул ямар хариу ирсэн талаарх мэдээллийг бид ажлын өдрүүдээр тодруулах болно.

Үүнээс анзаарвал 2020 онд “Хангал” ХХК, 2025 онд “Хэнтий Хангай” ХХК гэсэн нэртэй байгаа нь нэрээ солиод байна уу, эсвэл удирдлагууд нэрийг нь андуураад байна уу гэдэг нь эргэлзээтэй.
Бид бүхэн Улсын бүртгэлийн сайтын нээлттэй мэдээллийн сангаас хайж үзэхэд Хангал ХХК, Хэнтий Хангай ХХК гэсэн нэртэй нэг ч компанийн мэдээлэл гарсангүй. Тиймээс эхний ээлжид эзэмшигчийг нь тодорхой болгох зорилгоор дараа дараагийн сурвалжилгуудаа бэлдэх болно.

