Өвөг дээдсийн минь алтан мөрийг хадгалсан Хэнтий аймгийн Норовлин сум нь 1924 онд Ардын хувьсгалын дараахан олон сумд шинээр байгуулагдахад өөрийн өнгө төрх, бахархалт түүхээ тээн, зүүн хязгаарын онцгой нэгэн сум болон хөгжсөн билээ.
Өнөөдөр Норовлин сум өнгө төрхөө улам сэргээн, гудамж талбай нь цэмцгэр, үйлчилгээний байгууллагууд нь өргөжин хөгжиж, иргэдийн амьдралын чанар сайжирч байгаа нь үе үеийн удирдлагуудын ухаалаг бодлого, иргэдийн санаачилга, хамтын хүчний үр шим бизээ.
Шинэхэн бүрдсэн удирдлагуудын баг ирэх 4 жилийн өнгөө тодорхойлж иргэдрүүгээ чиглэсэн 4 томоохон хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ханцуй шамлан оржээ.
Иргэдийнхээ эрүүл мэндийг дэмжих зорилгоор “Эрүүл чийрэг норовлинчууд” хөтөлбөр, хүүхдийг цэцэрлэгийн наснаас нь эрүүл амьдралын хэв маяг дадал суулгах зорилгоор “Эрүүл чийрэг бүтээлч монгол хүүхэд” хөтөлбөр, хүүхдүүдийг багаас нь урлаг спортын олон талт авьяасыг нь нээн хөгжүүлэх, төлөвшүүлэх “Хүн болох багаасаа” хөтөлбөр, төрийн үйлчилгээг иргэдэд тэгш хүртээмжтэй хүргэх “Төрийн үйлчилгээг танай гэрт” хөтөлбөрүүдийг ЭМГ, сургууль, цэцэрлэг, ЗДТГ нь тус тус хариуцан авч хэрэгжүүлж байна.
Алсдаа энэхүү хөтөлбөрүүдийн үр шим гарч, эрүүл чийрэг эрдэм боловсролтой ирээдүйн мундаг удирдагчид, авьяастнууд энэ л нутгаас төрөн гарах буйзаа
Гудамж талбай нь цэмцгэр, иргэд нь тайван амгалан, сэтгэл тэнүүн, дүүрэн жаргалтай Норовлин сумынхандаа аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе.