Хэнтий аймгийн Батноров сумын “Малчдын зөвлөгөөн” өнөөдөр буюу 2025.03.20-нд болж байна.
Тус суманд 1050 малчин, мал бүхий өрх оршин суудаг. Үүнээс өнөөдрийн зөвлөгөөнд долоон багийн 230 орчим малчдын төлөөлөл оролцож байгаа юм.
Энэхүү зөвлөгөөн нь малчдад төрөөс хэрэгжүүлж буй хууль тогтоомжийг танилцуулах, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэн, санал санаачилгыг орон нутгийн бодлогод тусган хэрэгжүүлэх, мал маллагааны жишиг туршлагаа солилцох, мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээ болон малын үржил, таваарлаг байдлын талаарх мэдлэг олгох зорилготой.
Батноров сумын хувьд жилийн эцсийн мал тооллогын дүнгээр 267.011 толгой мал тоолуулж Хэнтий аймгийн хэмжээнд мал сүргийнхээ тоогоороо 3 дугаарт орж байна.
Мөн “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд шинээр 75 хоршоо байгуулагдсанаас 46 хоршооны 130 малчин 5.3 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл аваад байгаа юм.