Тэрбээр энэ тухайгаа цахим хуудсандаа нийтэлснийг бүрэн эхээр нь хүргэж байна…

БИД ЕР НЬ ХӨГЖИХ ЮМ УУ! 🤔

Энэ глгийн Цикль хэзээ төгсгөл болохын бэ?

Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг лайваар үзэж суухад нэг л автомат тоглоом шиг харагдана. Нэг командтай, нэг чиглэлтэй. Асуудлыг өөр өнцгөөс харж, шийдэл ярьсан нэгнээ шүүмжилж, шахаж дарах хандлага илт. Зөв зүйл ярьсан ч эсрэг тал нь заавал буруу болгоно. Өнгөрсөн, баларсан хов жив ухаж, өмнөх асуудлаа хэт гоншигнон ярьсаар, хэзээ дуусах нь үл мэдэгдэх солонгос кино шиг үргэлжилнэ.

Тэгвэл миний өөрийн биеэр сууж, туулж үзсэн нь ямар байсан бэ?

Би 2022 онд нөхөн сонгуулиар сонгогдож, иргэдээ төлөөлөх чухал үүргийг гүйцэтгэх боломж олдсон. Тухайн үед нэг намын төлөөлөл давамгайлж байсан ч дотроо бодлогын мэтгэлцээнтэй, асуудлыг шийдэлтэй ярьдаг, бие биеэ таньдаг ч хурал дээр өөр өөр байр сууринаас харж чаддаг, органик уур амьсгалтай хурал байсан гэж би хувьдаа хардаг. Үнэндээ ч тийм байсан.

Төлөөлөгч гэдэг бол миний ойлголтоор соён гэгээрүүлэгч, төр ба иргэний хоорондын холбоос, төрд үгээ хүргэх иргэдийн дуу хоолой байх ёстой. Харин хагалан бутаргагч, хөгжлийг зогсоогч байх ёсгүй. Зөв бодолтой, үгээ тодорхой хэлдэг, чадвартай, туршлагатай нэгнээ ялгаварлаж, доош нь хийсээр байвал хэзээ хөгжил ирэх вэ гэх бодол тус лайваас надад тодхон үлдлээ.

Залуус бидний хувьд хамгийн хэрэггүй зүйл бол талцал, хуваагдал. Заримдаа бүр залуу гэдгээрээ ялгаварлан гадуурхалд өртөж байгаа мэт санагдана. Туршлага ярьдаг ах, эгч нар маань орон нутагтаа үлдсэн хэдхэн залуусаа хүртэл хувааж, талцуулж, дунд нь яс хаяж байгаа мэт байгаад харамсдаг. Үнэндээ залуус бид өөрсдөө ч туниа муутай, өөрийн гэсэн үнэнч үзэл бодол, тогтвортой байр суурьгүй, бусдын үгээр амархан өөрчлөгдөж, хөөрдөг сул талтай. Тиймээс бусдад өндөр шаардлага тавихаасаа өмнө бид өөрсдөө тэр шаардлагадаа нийцэж байна уу гэдгээ бодох хэрэгтэй.

Эцэст нь гарч чадахгүй мэт санагдах нэг гаж циклийн золиос болсон чадвартай, чансаатай бүхэнд энэ хэсгийг зориулав. Намаас нам руу төр шилжих үед өмнө нь ажиллаж байсан хүмүүсийг сайн, муу, чадвартай, чадваргүй, мэдлэгтэй, мэдлэггүйг нь ялгалгүй халж, шахаж, сэтгэл санааны дарамтад оруулдаг. “Өөрийн дураар ажлаас чөлөөлөгдсөн”, “эрүүл мэндийн шалтгаанаар” гэх нэр нүүрээ хамгаалсан тайлбартай халах явдал нуусан ч ил байдаг. Том жишээ нь, “эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгсөн” гэх хүн маргааш нь өөр газар ажилд орчихсон яваа нь бий. Хамгийн эмгэнэлтэй нь бид үүнийг хэвийн үзэгдэл мэт хүлээн зөвшөөрчихсөн явдал.

Биднийг дооглож, тохуурхаж, дорд байдалд оруулсан энэ тогтолцоо, энэ цикл цаашдаа үргэлжлэх үү? Туршлагатай ах, эгч нар минь, хайран сайхан залуусаа дотроо хувааж, халж сольсоор л байх уу?

Яг одоо залуус бидний хувьд эв нэгдлийн тухай ярих орон зай улам хумигдсан мэт санагдана. Тэгэхээр бид ер нь хөгжих юм уу? “Хөгжил” гэдэг үгээ яг ойлгож байна уу? Улс төр гэж юуг хэлдгийг үнэхээр ойлгож байна уу? Заавал хар пиар, дайралтгүйгээр улс төр хийх боломж байдаг. Байдгийг залуус бид харуулахыг хичээж ирсэн.

Харин одоо хичээсээр ядарч, амралт авах цаг иржээ. Улс төрийг илүү өөр өнцгөөс ойлгохын тулд би эрүүл мэнддээ анхаарч, онолын хувьд суралцах боломжоо нээхээр шийдсэн.

Эцэст нь би ч мөн адил “өвдөх эрхгүй” төрийн албан хаагчийн эцсийн сонголтыг хийж, үүрэгт ажлаа хүлээлгэн өгч байна.

Shares:
Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн